Б.Чулуунтамир: Онц байдлын үед гэмт хэрэг үйлдвэл энгийн үеийнхээс хоёр дахин хүнд ялтай

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байгаа билээ. Хөл хорионы үеэр иргэд зүй бус авирлах, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хэл амаар доромжилж, эмнэлэг рүү нь дайрч орох зэрэг тохиолдлууд гарсаар байна. Онцгой байдлын үед хууль  бус үйлдэл гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцож буй талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа.

-Зарим иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж, эрүүл мэндийн байгууллагынхан руу халдах гэсэн тохиолдол цөөнгүй гарсан. Ийм хүмүүст хэрхэн хариуцлага тооцож байна вэ?

-Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдэж, ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиллалаа. Мөн Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж Цагдаа Онцгой, Мэргэжлийн хяналт, Эмнэлгийн байгууллагын алба хаагч нар 24/7 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Иргэд олон нийтийн зүгээс Улсын онцгой комиссоос гаргасан хорио цээрийн дэглэм, хязгаарлалтуудыг идэвхтэй сахин ажиллаж байгаа боловч зарим иргэн санаатай болон санамсаргүйгээр дэглэм зөрчих, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг эсэргүүцэх тохиолдлууд тасрахгүй байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөх, өвчнөө нуух, эмчлүүлэхээс зайлсхийх, тусгаарлах байрнаас гарахыг уриалах зэргээр бусдыг өдөөн турхирах үйлдлүүд гарч байна.

Ер нь Монгол Улсын Эрүүгийн хуульд онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан аливаа гэмт хэргийг үйлдсэн бол энгийн үеийнхээс 2 дахин хүнд ял оноохоор хуульчилсан байдаг.

Дээрх этгээдүүдэд цагдаагийн алба хаагч хуульд заасан албадлагын арга хэмжээ авч болохоос гадна Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллаж байна.

-Олон нийтийн сүлжээгээр худал мэдээ тараасан, хорио, цээрийн дэглэм зөрчиж товчоодоор явганаар хот руу орох гэсэн тохиолдол нэг бус гарсан. Хариуцлага ч тооцсон тухай мэдээлэл гарч байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Зөрчил гаргасан этгээдүүдэд гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцож байгаа. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг 150, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Мөн бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомстлын вирусийг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд тусгасан. Түүнчлэн бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хууль үйлчилж байна. Харин хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хариуцлага тооцож, нэг бус хүнд арга хэмжээ авсан.

-Тэгвэл гадаад улс орнуудад яг иймэрхүү зөрчил гаргавал хэрхэн хуулийн арга хэмжээ авдаг юм вэ?

-Гадаад улс орон бүр өөр, өөр арга хэмжээ авдаг. Жишээ нь, БНСУ-д албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол тухайн этгээдийг тав хүртэлх жилийн хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл арав хүртэл сая воноор торгодог.

АНУ-ын Колорадо мужид Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлбэл энэ үйлдэл нь 2 дугаар зэргийн хөнгөн гэмт хэрэг гэж үзэн бүсийн хорих төвд 6 өдөр хорих, 500 ам.доллараар торгох эсвэл 6 сар хорих ялаар шийтгэдэг. Мөн худал мэдээлэл тараах, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Германд “Цахим сүлжээний тухай хууль”-аар Олон нийтийн цахим мэдээллийн компаниуд илт худал мэдээлэл тавьсан талаарх гомдол хүлээн авснаасаа хойш 24 цагийн дотор уг мэдээллийг буцааж татаагүй бол 50 сая евро /50 сая ам.доллар/-оор торгоно.

Франц улсад “Мэдээллийг хянах тухай хууль” нь 2018.11.20-нд батлагдсан бөгөөд тайван цагт бусдад хохирол учруулахуйц худал мэдээлэл, бичиг баримт нийтэлсэн, тараасан, хувилж тараасан бол 45,000 евро, энэхүү үйлдэл нь зэвсэгт хүчний сахилга бат, ёс суртахууныг доройтуулах, эсхүл Үндэсний хэмжээний дайн бүхий нөхцөлд байдалд худал мэдээлэл тараавал 135,000 еврогоор торгоно.

БНХАУ-д Худал мэдээлэл тарааж бусдын хууль ёсны эрх ашиг, нэр хүндэд халдсан бол тухайн этгээдээр зөрчлийг таслан зогсоох, нөлөөллийг арилгах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, уучлалт гуйлгах, нэр хүндийг нь сэргээх арга хэмжээ авна. Харин аюулт гоц халдварт өвчний үед худал мэдээлэл тараах байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн хэв журмыг зөрчсөн бол тухайн этгээдийг 500-аас дээш юаниар торгох, эсхүл таваас дээш хоногоор баривчлах, эсхүл ноцтой бус тохиолдолд тав хүртэлх хоногоор баривчилна.

-Зарим аж ахуйн нэгж, хувь хүн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт бий юү?

-Эрүүгийн хуулийн 18.1 дэх хэсэгт “Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасны дагуу хариуцлага тооцно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.2-7 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомстол үүсгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу арга хэмжээ авч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *