Тоглоомын дүрэм: Эрх зүйн орчин

Байгалийн баялаг нийт ард түмний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө зориулагдах үндэс суурь нь дотоодын хууль эрх зүйн зохицуулалт юм.

Зарим улс үндсэн хуульдаа газрын баялгаа хэрхэн ашиглах тухай заалт оруулсан байдаг. Жишээ нь, Африкийн Нигерия улсын үндсэн хуульд газрын тосны олборлолт хийх шийдвэрийг заавал Засгийн газар нь гарын үсэг зурж байж хэрэгжүүлэх, мөн үүнийгээ заавал олон нийтэд мэдээлэх ёстой гэж заажээ.

Мөн Колумб улс үндсэн хуульдаа байгалийн баялагт нөөц ашигласны татвар буюу роялти заавал авна гэж заажээ. Гэхдээ хэдэн хувийг хэрхэн ноогдуулах талаар бичээгүй ч бусад хуульдаа оруулсан байна.

Норвеги улсын эрдэс баялгийн хууль маш өргөн хүрээг хамарсан нарийн заалтуудтай аж. Жишээ нь, тус улс газрын тос олборлож болох лиценз олгох газруудаа нээлттэй газрын зургаар харуулдаг төдийгүй энэ бүсээс ийм хэмжээний татвар авна гэдгээ хуульдаа тодорхой заасан байдаг. Ингэснээр төрийн албан хаагчид компаниудтай тохиролцоо хийх гэж зовохгүй, засгийн төлөвлөсөн татварын орлого саадгүй төвлөрдөг байна.

Ашигт малтмалын зохицуулалтыг хамгийн эхэнд үндсэн хууль, дараа нь бусад хууль, дүрэм журмууд гэсэн дарааллаар оруулах нь үр дүнтэй байдаг. Харамсалтай нь ядуу орнууд эрх зүйн зохицуулалт дээр дурдсан пирамид шиг дарааллаар явдаггүй. Энэ нь гэрээ байгуулахад асуудал үүсгэдэг байна.

Жишээ нь, Либер улсын засгийн газар Чайна Юнион Инвестмэнт хоорондын 100 хуудас гэрээ байгуулсан хамгийн урт гэрээнүүдийн нэг ажээ. Сайн хуультай улс ийм урт гэрээ хийх шаардлагагүй байдаг байна.

Олборлох салбар маш их хөрөнгө оруулалт шаардагддаг онцлогтой бизнес. Гэтэл тэр их хөрөнгө оруулалтыг голдуу том компаниуд, эсвэл үндэстэн дамнасан корпорацууд гаргах чадамжтай байдаг. Гэхдээ корпорацууд газрын доорх баялгийн геологийн дата мэдээллийг өмчилдөг. Харин төр засаг компаниудад ямар мэдээлэл байгааг мэдэхгүйгээр гэрээ хэлэлцээ хийх нь элбэг. Компаниуд засгийн газраас тухайн баялгийг ашиглах зөвшөөрөл хүсэж байгаа бол доор нь ямар баялаг нуугдаж байгааг мэдэж байгаа гэсэн үг юм. Тийм болохоор эрх зүйн орчноо урьтаж сайжруулах ёстой.

Нөхцөл байдал, тоглоомын дүрэм маш тодорхой, ойлгомжгүй юмуу өөрөөр ойлгогдох зүйл хуульд байх ёсгүй. Олборлох салбар удаан хугацаанд маш их хөрөнгө оруулалт шаардагддаг учраас хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийг хамгаална гэсэн баталгаа гаргах ёстой. Хөрөнгө оруулагчийг хамгаалах хамгийн сайн арга бол эрх үүргийн тухай тодорхойлолт эхнээсээ хуульдаа тодорхой байх ёстой. Тоглогч бүрийг үүргээ биелүүлэхээс өөр аргагүй нөхцөлд ажиллуулах хуультай байвал баялгаа хөгжил болгож болно.

Ил тод байдал эрх зүйн орчны амин сүнс

Хэлэлцээ, гэрээ гээд бүх зүйл ид тод, нээлттэй байх ёстой.

Хүссэн хүн бүр бүх шатны мэдээллийг олж авч судлах ашиглах эрхтэй байлгах. Шалгаруулалтад ялсан компанийн үнийн санал, төлөвлөгөө, ашгийн хувь хэмжээ гээд бүх мэдээллийг ил болгох ёстой. Мөн тэр компанийг хэн эзэмшиж байгааг нийгэм заавал мэдэж байх ёстой.

Хөгжлийн түвшнээс шалтгаалж улс орнуудын лиценз олгох хэлбэр өөр өөр. Ядуу орнууд газрын доор нь ямар баялаг байгааг, баялгийнхаа үнэлэмжийг бүрэн ойлгохгүйгээр хэлэлцээр хийдэг. Ихэнх тохиолдолд компаниуд тухайн улсын төр засагт гэрээ хийх санал тавьдаг. Гэтэл буурай улсын төр засгууд ямар хэлэлцээ хийж байгаагаа мэдэхгүйгээс гадна баялаг нь хэр их үнэ хүрэхийг мэддэггүй. Тиймээс хөрш орнуудынхаа эсвэл бусад улсынхаа туршлагыг харна. Бусдын туршлагаас суралцахад ил тод байдал амин чухал юм.

Геологийн нөөцийн тухай мэдээлэл дутмаг байдгаас болоод ихэнх ядуу орны засгийн газар голдуу түрүүнд ирсэн нь эхэлж авна гэдэг хувилбараар явдаг. Компаниуд хүсэлт тавьсны үндсэн дээр хайх олборлох зөвшөөрөл өгдөг нь энгийн жишиг мэт боловч тэр улс баялгийнхаа үр шимийг хүртэнэ гэсэн эцсийн баталгаа биш юм. Мөн авлигаас ангид зам биш. Мөн шийдвэр гаргагчдын дунд компанийн хүн шургалж компанид ашигтай шийдвэр гаргуулахын тулд төрийн бодлого шийдвэрийг өөрчлөх боломжтой.
геологийн хайгуул хийхэд маш их мөнгө зарцуулдаг. Ялангуяа, ашигт малтмалын хайгуул илүү төвөгтэй, эрсдэл өндөр. Хайгуул нь амжилтгүй болж дампуурсан компани олон бий. Тиймээс ч ашигт малтмалын хайгуулыг 1000-н өрөмдлөгийн нэг нь л орд болох магадлалтай гэж ярьдаг. Заримдаа засгийн газар ийм эсрдэлтэй ажил хийх нь тохиромжгүй. Компаниуд нөгөө талаа эрсдэлтэй хайгуул хийхэд нь ямар нэг хөшүүрэг хэрэгтэй. Тийм учраас ил тод байдал, хайгуулын лиценз олж авахад чирэгдэл бага байх учиртай.

Перу улс эхэнд ирсэн нь эхэлж авна гэдэг бодлоготой болсноос хэдхэн сарын дотор газар нутгийнх нь 60-70 хувь нь лицензээр олгогджээ. Үүнээс өмнө 10-аас бага хувь нь лицензэд олгогдсон байжээ. Олон лиценз авсан компаниуд нь үнэндээ жинхэнэ хөрөнгө оруулагч биш зүгээр том хөрөнгө оруулагч ирэхийг хүлээж байгаад зарах гэж лиценз авсан компаниуд юм. Тиймээс авсан газартаа хайгуул хийхгүй бол хурааж авах зохицуулалт оруулах хэрэгтэй байдаг. Ингэж байж жинхэнэ хайгуул, олборлолт хийх компани ажиллах болно.

Хуулийн хэрэгжилт, хэрэгжилтийг хянах

Сайн хуультай ч гэсэн хэрэгжилт муу бол баялгаас орж ирэх ашиг буурах эсвэл огт орж ирэхгүй. Мөн байгаль орчин, тухайн орон нутгийн эдийн засагт хохирол учруулах магадлалтай. Шалтгаан нь засгийн газрын чадамжгүй байдал. Жишээ нь ядуу орнуудад олборлох салбарт нь Мэргэжлийн Хяналтын байгууллага ажиллуулах мөнгөгүй эсвэл хяналтыг чухал гэж үзэхгүй байх нь бий. Дундаж орлоготой орнуудад хүртэл хяналт тавих гэдэг амар ажил биш. Өмнөд Африкийн нэгэн мужийн 75 мянган кв-метр талбайд 172 өөр уурхайд 70 мянган хүн ажилдаг байна. Гэтэл тухайн орон нутгийн захиргаа тэр уул уурхайн компаниудад хууль хэрэгжүүлж стандартыг нь мөрдүүлэхийн тулд ердөө 14 мэргэжлийн хяналтын байцаагч ажиллуулдаг байна.

Улс орнууд их мөнгө, цаг хугацааг зөвхөн хөрөнгө оруулалт татах, эсвэл гэрээ хэлцэл хийхэд л анхаардаг. Гэтэл чадамжтай, үр ашигтай ажилдаг нутгийн удирдлагын байгууллага байгуулахад их цаг хугацаа ордог.

Мөн өндөр ур чадвартай хүнийг мэргэжлийн хяналтаар тогтвортой ажиллуулна гэдэг мөн л том сорилт. Ажилдаа гаршиж, туршлагажсан төрийн албан хаагчдыг компаниуд харин өндөр цалингаар булааж авдаг. Ийм хяналт байгуулж яваа орон маш цөөн, бараг байхгүй аж. Хөгжингүй Норвегийг эс тооцвол шүү дээ. Ихэнхдээ ядуу орнууд мэргэжлийн хяналтын тогтолцоогоо илүү төвөгтэй, ярвигтай, хүнд сурталтай болгох нь бий. Нэг аж ахуй нэгжид уул уурхайн, сангийн, байгаль орчин, хөдөлмөр, эрүүл мэндийн яам хяналт тавих эсвэл бичиг баримт энэ байгууллагуудаас авах гэх мэт. Гэтэл төрийн ийм олон байгууллагууд ажиллаж байгаа ч тэдний хоорондын уялдаа холбоо байхгүй бол хууль дүрэм хэрэгжих боломжгүй байдаг аж.

Улс орнууд хяналт сайн тавьдаг болохын тулд яах ёстой вэ? Хууль батлахдаа тухайн төр засаг засаг захиргааны байгууллагуудынхаа хүчин чадлыг сайтар тооцоолох ёстой. Тэгэхээр гэрээнд гарын үсэг зурах гэдэг бол хууль хэрэгжилтийн эцсийн цэг биш харин эхлэл байх учиртай юм.

Төр засаг хуулийн хэрэгжилтийг хянах нэгж байгуулж хүн хүч бүрдүүлэхэд хөрөнгө гаргах хэрэгтэй.

Төрийн бус байгууллагууд төрийн болон иргэдийн өмнөөс хуулийг хэрэгжүүлэхэд болон хяналт тавихад үргэлж хамгийн их тусалдаг хүмүүс. ТББ-ууд мэдээллийн амин чухал эх сурвалж болохдоо гарамгайн дээр төрийн үүргийг гэрээгээр гүйцэтгэх ч боломжтой. Засгийн газрын агентлаг, ТББ-ууд хамтарч уул уурхайд хөдөлмөрийн стандарт болон хуулийг хэрэгжүүлж чаддаг. Нигерийн Төрийн бус байгууллагуудын эвсэл РОТАБ гэдэг байгууллага олон мянган уурхайчдын хөдөлмөрийн гэрээг үнэлж шалгасны ачаар, засгийн газартаа мэдээлж хөдөлмөрийн гэрээний хэрэгждэггүй байсан заалтуудыг компаниудаар хэрэгжүүлэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *