Матрын эртний өвөг хоёр хөл дээрээ явдаг байжээ

Өмнөд Солонгосын палеонтологичид тус улсын нутгаас 110 сая жилийн өмнө амьдарч байсан амьтны чулуужсан мөрийг өнгөрсөн онд олсон байна.

Тус бүр 17-23 см урттай мөрнүүдийн хэлбэр, даралтын хүч зэргийг судалсан эрдэмтэд уг амьтан нь үлэг гүрвэл биш, харин өнөөдрийн матрын өвөг дээдэс болох crocodylomorph хэмээх амьтан болохыг тогтоожээ.

Энэ амьтан нь дөрвөн хөлөөр биш, харин хойд хоёр хөл дээрээ босож явдаг 3 метр орчим урт биетэй амьтан байжээ.

Эхэн үеийн crocodylomorth нь дөрвөн хөлөөрөө явдаг байсан бол эрдэмтэд хожуу үед амьдарч байсан хоёр хөл дээрээ явдаг шинэ төрөл зүйлийг нь нээж “Batrachopus grandis” хэмээх нэрийг өгсөн байна.

Матрын өвөг дээдсийн шинэ төрөл зүйлийг нээсэн тухай судалгааны тайлан өчигдөр Nature сэтгүүлд нийтлэгджээ.

“Хүмүүс матрыг өдөржин усанд хэвтэж байдаг залхуу, хөдөлгөөн муутай амьтан гэж боддог. Хэн ч энэ амьтны өвөг дээдсийг тэмээн хяруул шиг гүйж байсан гэж төсөөлөхгүй” гэж судлаачдын нэг Мартин Локли BBC сувагт ярьсан байна. Тэрбээр Өмнөд Солонгосын палеонтологич Ким Кюн Сүтэй энэ мөрийг олон жил хамтран судалж байгаа юм.

Түүний багийнхан 2019 онд Өмнөд Солонгосын Сачеон хотын ойролцоогоос хэдэн зуун мөр олжээ. Цэрдийн галавын эхэн үед энэ бүс нутагт олон нуур цөөрөм байсан гэнэ. Тиймээс нуурын эргийн шаварлаг хөрсөнд матрын өвөг дээдэс мөрөө олноор үлдээсэн байжээ.

Тухайн үед амьдарч байсан зарим үлэг гүрвэлүүд бас хойд хоёр хөл дээрээ явдаг ч хуруунууд дээрээ тулж гишгэдэг байсан гэнэ. Харин “Batrachopus grandis” нь хүнтэй адил бүтэн тавхайгаараа гишгэж явдаг байсан нь онцлог ажээ.

Локли, Ким нар энэ газраас өмнө нь 2012 онд анх чулуужсан мөрнүүдийг илрүүлсэн ч сайн хадгалагдаагүй байснаас яг ямар амьтных болохыг тогтоож чадаагүй юм байна.

Тухайн үед претозавр хэмээх нисдэг гүрвэлийн мөр байж магадгүй гэж таамаглаж байсан нь одоо ийнхүү үгүйсгэгдэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *